Яон улсын Фукуока хотод жил бүрийн 7-р сарын 15-д Японы зуны томоохон фестивалиудын нэг болох Ямакаса болдог ба энэ жил ч мөн амжилттай боллоо. 800-гаад жилийн өмнө Буддын тахилч Шоичи Кокуши хүн зоныг халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс цэвэр усаар угаалга хийлгэхээр хотоор авч явж түүнийгээ цацаж байжээ. Үүнээс үүдээд энэ нь жил болгон хийгддэг үйл болж улмаар өнөөгийн Ямакаса фестиваль бий болсон түүхтэй. 

 Хаката, Хигаши, Накасу, Ниши, Чюо, Эбису, Дой болон Дайкосу гэсэн түүхт газруудаас долоон нагаре буюу багууд казариямаг бүтээж дүүрэгтээ байрлуулаад фестивальд бэлдсэн какиямагаа үүрч оролцдог.  Энэ хоёр чимэглэл нь японы урчуудаар японы соёл, зан заншилыг шингээж хийгддэг ба 2 тн болон 1 тн жинтэй тэргүүд юм. 

Оролцогчдын толгойнд зүүсэн алчуурын өнгөөр ажил үүргийн хувиарлалт хийгдсэн байдаг. Улаан нь чимэглэлтэй тэргийг (какияма) үүрч явах, улаан ба цагаан нь зохицуулах болон төлөвлөх, цэнхэр ба цагаан нь оролцогчдын аюулгүй байдлыг хянах.  Ойролцоогоор 30 чадалтай залуу эрэгтэй оролцогчид какиямаг үүрдэг ба 3-4 мин хугацаатайгаар ээлжлэнэ.

Кушида сүмээс өглөөний 4:59-д эхлээд хотын төвийн заасан замаар какиямагаа үүрээд, багаараа 5 км гүйнэ. 30 мин дотор хэн нь хурдан гүйж орж ирсэнээс гадна какияма, казариямагийн чимэглэл болон оролцогчдын тэргээ үүрч гүйж байхдаа хир зэрэг эр зоригтой, баатарлаг харагдаж байсанаар шилдэг багыг шалгаруулдаг байна. 

 

Yamakasa.jpg