Хоёр орны харилцаа
Монгол Улс, Японы Улсын хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. 1990-ээд оныг хүртэлх хугацаанд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгаанаас үүдэн хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан хэдий ч хамтын ажиллагааны үндэс чухамхүү 1970, 1980-аад оны үед тавигдсан юм. Тухайлбал, хоёр тал Парламентын төлөөлөгчдөө 1974 оноос харилцан айлчлуулж, БНМАУ-ын ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн 1987 онд Японд, Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Үно 1989 онд Монголд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном 1990 онд Японд тус тус айлчилж байв.
Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирэв. Япон Улс Монголын ардчиллыг дэлхийн аль ч орноос хамгийн түрүүнд, хамгийн тууштай дэмжсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд Т.Кайфү 1991 онд Монголд айлчилсан нь барууны орнуудаас Засгийн газрын тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал болов.Уг айлчлалаар Ерөнхий сайд Т.Кайфү Монголын ардчилал, шинэчлэлийг зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Япон Улсын Засгийн газар 1991 оноос тус улсын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-нд Монгол Улсыг хамруулж хүнс, нийтийн тээвэр, холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг бүхий л салбарт зээл, тусламж үзүүлж ирсэн.
1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.
Ийнхүү Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан.
Монголчууд “зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэдэг. Японы дэмжлэг тусламж монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрч, Японы талаарх үнэлгээ, хандлага үндсээрээ өөрчлөгдсөн юм. “Ойр мөртөө холын орон” гэгдэж байсан Монгол Улс одоо Японы дотны түнш орон болж өөрчлөгдсөн нь харилцааны чухал ололт, дэвшил юм.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлснээр эдүгээ Монгол, Японы харилцаа “Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд дэвшин, гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 11 дүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд:
1. Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2. Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх;
3. Хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх;
4. Бүс нутаг, глобал асуудлаархи хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн 4 үндсэн чиглэл бүхий “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэл” гаргасан юм. (Хамтарсан мэдэгдлийг энд дарж үзнэ үү)
Сүүлийн жилүүдэд улс төрийн итгэмжилсэн харилцаа бэхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2012 онд Ерөнхий сайд С.Батболд болон Гадаад харилцааны сайд Л.Болд, 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 2016 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Засгийн газрын тэргүүн болсныхоо дараахан Монгол Улсад тус тус айлчлав.
Ерөнхий сайд Ш.Абэ айлчлалынхаа үеэр (1) эрх чөлөө, ардчилал, (2) энх тайван, (3) харилцан туслалцах гэсэн 3 үзэл санааны дор Япон, Монголын Стратегийн түншлэлийг эрчимжүүлж гүнзгийрүүлэх “Эрч санаачилга”-ыг дэвшүүлсэн. (“ Эрч санаачилга”-ыг энд дарж үзнэ үү) Улмаар 2013 онд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын харилцан айлчлалын дүнд “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр” байгуулсан нь хамтын ажиллагааны ирэх жилүүдийн чиглэлийг нарийвчлан тодорхойлоход чухал ач холбогдолтой болов.(Дунд хугацааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Засгийн газар, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо (KEIDANREN), Японы Гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-тай хамтран зохион байгуулсан “Монголын бизнес форум”-д оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээгээр талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг улам бүр бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн харилцааг тууштай идэвхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал баримт бичиг болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ үр дүнтэй болж, зарчмын тохиролцоонд хүрсэн болохыг сайшааж, хамтарсан мэдэгдэл гаргав. (Хамтарсан мэдэгдлийг энд дарж үзнэ үү) Мөн энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс “Монголын экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх зорилго бүхий “Эрч + санаачилга” хэрэгжүүлэх санал дэвшүүлж, талууд Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэх, ил тод, тогтвортой эдийн засгийн бодлого боловсруулахад хамтран ажиллахаар тогтоод байгаа болно.
1974 онд парламентын түвшинд харилцаа тогтоосноос хойш тогтмол харилцаж, төлөөлөгчид жил бүр шахам харилцан айлчилж байна. Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ю.Осада 1992 онд,Төлөөлөгчдийн танхимын дэд дарга К.Ватанабэ 1997 онд, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 онд тус тус манай улсад айлчилсан.
Монгол Улсын Их хурлын дарга Н.Багабанди 1994 онд, Р.Гончигдорж 1999 онд, С.Төмөр-Очир 2002, Д.Лүндээжанцан 2008 онд, Д.Дэмбэрэл 2011 онд, З.Энхболд 2015, 2016 онуудад, М.Энхболд 2017 онд тус тус Япон Улсад айлчлав.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Японы Газар тариалан, ой, усны аж ахуйн сайд Ш.Накагава, Батлан хамгаалахын сайд К.Нукага, Ерөнхий сайд асан
Ё.Мори, Т.Кайфү, Ц.Хата, эрх баригч ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Такэбэ, мөн намын Ерөнхий зөвлөлийн дарга /намын 3 дугаар хүн/ Ф.Кюүма нар болон Парламентын 80 гаруй гишүүн Монголд айлчилсан нь Японоос хамгийн олон парламентын гишүүн манай улсад айлчилсан тохиолдол болж байв. 2017 онд Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ш.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.
Японы парламентын дээд танхимд Монголтой харилцдаг бүлэг 1974 онд, дээд танхимд 1978 онд тус тус бий болсон. Доод танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд асан М.Хаяши, зөвлөхөөр нь ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн сайд асан Я.Шиозаки нар тус тус ажиллаж байна. Дээд танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар тус танхимын дарга асан М.Ямазаки ажилладаг.
Манай УИХ-д Монгол, Японы бүлэг 1977 онд байгуулагдсан. Эдүгээ УИХ-ын 76 гишүүний 36 гишүүн нь тус бүлэгт гишүүнчлэлтэй бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажиллаж байна.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар 2017 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Тус айлчлалын үеэр Япон Улс манай улсад үүссэн санхүүгийн бэрхшээлийг даван туулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ нотолж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ Дунд хугацааны хөтөлбөрийг (2017-2021) батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017, 2018, 2019 онд уулзав.
Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын удирдлага харилцан айлчилж, Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийв.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад айлчлав. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлав.
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 5 дугаар сард “Никкэй” сонины газраас зохион байгуулсан “Азийн ирээдүй 2019” форумд оролцож, илтгэл тавив. Энэ үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиматай уулзав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10 дугаар сард гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцов.
Япон Улстай байгуулсан эрх зүйн бичиг баримтууд
1.БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот
2. БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот
3. БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот
4. БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.20, Токио хот
5. Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.19, Токио хот
6. Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот
7. Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар хот
8. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2001.02.15. Токио хот
9. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.05. Токио хот
Орон нутгийн хамтын ажиллагаа
1990-ээд оноос Төв аймаг Тоттори мужтай, Өвөрхангай аймгийн Хужирт сум Нагано мужийн Маруко хоттой, Баянхонгор аймаг Ойта мужтай, Налайх дүүрэг Хоккайдо мужийн Ниикаппү хоттой, Улаанбаатар хот Миязаки мужийн Мияконожёо хот, Хоккайдо мужийн Саппоро хотуудтай харилцаа тогтоож, шууд хамтран ажиллаж байна.
2008 оноос Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Нагано мужийн Саку хоттой, Өвөрхангай аймгийн Хархорин хот Канагава мужийн Камакура хоттой тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
2011 оны 7 дугаар сард Дорноговь аймаг Шизүока мужтай, 2012 онд Өвөрхангай аймаг Гүнма мужтай, 2014 онд Хөвсгөл аймаг, Нийгата мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Улмаар Ховд аймаг Вакаяма мужтай, Дорнод аймаг Фүкүока мужтай, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг Шизүока мужийн Изүнокүни хоттой орон нутгийн шууд хамтын ажиллагаа хөгжүүлэх эхлэл тавигдаад байна.