Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “ОЛОН УЛСЫН ТҮҮХЧ ЭРДЭМТДИЙН СИМПОЗИУМ”амжилттай өндөрлөлөө. 

Монголчуудын Япон руу хийсэн довтолгооны талаарх түүхэн үнэн болон Такашима арлын далайн гүний археологийн судалгаа ба олдворуудын талаар түүхч эрдэмтдийн санал бодол, судалгааг олон нийтэд хүргэхийг хүсэж байсан юм. 

Хубилай хааны довтолгооны талаархи баримтат кино хийх багийг 2023 оны 7 сард Кюүшүд ирэхэд нь замчлах үед Оюунтулга доктортой өөрийн дээрхи бодлыг хуваалцаж улмаар 2023 оны 8-р сард Монгол улсын соёлын өвийн үндэсний төвийнхөнтэй уулзах сайхан боломж бий болсон юм. Тус өвийнхэнээс энэ чиглэлийн тэргүүлэгч Монгол Япон эрдэмтэд болон тэдгээрийн судалгааны талаар товч танилцаж япон эрдэмтэдтэй уулзаж ярилцахаар шийдсэн билээ. 

Тус оны 11-р сард Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайханы Фүкүока муж дах албан айлчлалын үеэр түүхч эрдэмтдийн симпозиумын талаар санал солилцсон нь бидэнд том түлхэц болж өгсөн юм. Улмаар Кюүшү их сургуулийн дэд ерөнхийлөгч Ивата Кенжи болон тус их сургуулийн олон эрдэмтэн багш нарын туслалцаа, оролцоо, Монгол улсын Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат болон тус төвийн хадгалалт хамгаалалт технологи судалгааны газрын дарга, доктор М.Оюунтулга нарын дэмжлэгтэйгээр тус симпозиум ийнхүү амжилттай өндөрлөж чадлаа.

Илтгэл тавьж судалгааны үр дүнгээ бидэнтэй хуваалцсан эрдэмтэд болон симпозиумыг амжилттай зохион байгуулахад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Их монгол улс хүрээгээ тэлж байсан нь дэлхийн олон үндэстний соёл болон ард түмний аж амьдралд асар их нөлөө үзүүлсэн билээ. Тус симпозиумын нөлөө нь түүхэн мөргөлдөөн, зөрчил тэмцэлдээний талаар шинэ өнцгөөс харах боломж болж, энх тайванч ирээдүйн төлөөх нэгэн чухал алхам боллоо гэдэгт итгэлтэй байна. Симпозиумын үеэр тавигдсан илтгэл болон хэлэлцүүлгийг товхимол болгож хойч үедээ үлдээх болно.

Энэ жил Кюүшү их сургууль болон хоёр орны харилцаанд онцгой жил болж байна. 8-р сард Улаанбаатар хотноо Кюүшү их сургуулийн чуулга уулзалт болж, 11-р сарын 7-д Кюүшү их сургуулийн Монгол төгсөгчдийн холбоо албан ёсоор баталгаажиж, 11-р сарын 8-д хоёр улсын эрдэмтдийн түүхийн симпозиум боллоо. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа эрдэм шинжилгээ, хүний нөөцийн хөгжил зэрэг олон салбарт улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь энэхүү симпозиумаар хамтарсан судалгаа, харилцан мэдлэг, туршлага солилцох сайхан боломж бий болж ирээдүйн удирдагч, өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг бэлдэх ажил эрчимжиж хоёр орны хөгжил дэвшил, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр болохыг хүсэж байна. 

252.jpg

034.jpg

059.jpg

108.jpg

146.jpg

238.JPG

264.jpg

327.jpg

395.jpg

432.jpg

292.jpg