2019 оны 10 сарын 12-д Японы Нагано, Шизуоза, Токио, Канагава, Сайтама зэрэг 16 мужиар дайран өнгөрсөн далайн хар салхи №19-ийн үеэр 75 хүн нас барж, 15 хүн алга болж, 276 хүн хөнгөн гэмтэл, 28 хүн хүнд гэмтэл авч, маш олон айлын орон сууц усанд нэрвэгдсэн. Дөнгөж монголоос ирсэн, байгалийн гамшигтай нүүр тулж байгааагүй оюутнууд маань эх орон элгэн саднаасаа хол анх удаа байгалийн гамшигийг нүдээрээ үзэж учраа олохгүй сандралдаж байх үед анагаах ухааны Ph.D Лхагвадоржийн Энхтуяа гэдэг сенпай өөрийн нүүр номоор дамжуулан шуурхай мэдээлэл өгч байсан ба багцалсанг нь та бүхэндээ хүргэе. Цаг гарган тогтоон уншицгаана уу! Япон байгалийн гамшиг маш ихтэй орон ба байгалийн гамшиг нь цаг мин бус мин секундээр хэмжигддэг тул бэлтгэлээ урьдчилан базаахыг зөвлөе.

 

Энхтуяа эмч.jpg                ТА БҮХНИЙ ТАЛАРХАЛЫГ ХҮЛЭЭН АВААД

Далайн хар салхи болж байх үед өөрийнхөөрөө л чадан ядан, санд мэнд, тэр дор нь хүргэх гэж бичсэн мэдээлэл маш олон хүмүүст хүрч бас маш олон талархал хүлээж авлаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Талархал хүлээж авсан сэтгэл минь бас зүгээр байж болохгүй, хариу барих санаа төрөөд доорхи зүйлийг нэгтгэн бичиж байна. Япон улсад амьдарч байх хугацаанд хүн бүрт онцгой нөхцөлд хэрэг болох болов уу гээд нэгтгэх маягтай бичиж үзлээ. Хэрэгтэй бол өөртөө хадгалаад аваарай. Дүү нар минь. Япончууд байгалын гамшиг тохиолдоход хэрхэн яах ёстойгоо бүр цэцэрлэгийн наснаасаа эхлэн суралцаж, бодитоор болж байгаа мэт хүүхдүүдэд сургалт явуулж ойлгуулдаг. Гэтэл Монголчууд бид бол энэ талын мэдлэг байхгүйтэй адил тул маш их тулгамдаж, хэцүү байдалд ордог. Тиймээс та бүхэн Японд амьдарч байхдаа ийм тохиолдолд байнга бэлэн байхын тулд яах ёстойг өөрийн ойлгосон туршлагаасаа бичиж байна. Мэдээж төгс биш ч гэсэн та бүхэнд хэрэг болох болов уу гэж үзлээ.

Япончууд ямар нэг ажил, үйл ажиллагаа зэргийг явуулахдаа 150 иас дээш хувиар бэлтгэл хийж байж, гүйцэтгэл нь 100 хувь байна гэж үздэг хүмүүс юм билээ.Тийм болохоор саяын хар салхины өмнөх 2 өдрөөс эхлэн дэлгүүрүүдэд Япончууд лангуу хоосортол худалдан авалт хийж байсныг та бүхэн өөрсдөө харсан.

ЯАГААД БЭЛТГЭХ УЧИРТАЙ ГЭЖ  

Том үйлдвэр ялангуяа цахилгаан станц нь тухайн байгалын гамшигт өртвөл олон хоногоор хүнс ховордож, хүнс үйлдвэрлэгч нар нь тоггүй улмаас олон хоногоор эсвэл тогны хязгаарлалтанд орвол хангалттай үйлдвэрлэж чадахгүй хүнсний хангалт дутуу болдог учир (2011оны Цунамигийн үед биеэрээ мэдэрсэн).

БЭЛТГЭЛ

1) Онцгой байдлын бэлтгэлд зориулан дансандаа байнга бэлэн байлгах иэн .
1 хүнд доод тал нь 10000 иэн байлгах.

2) Паспорт

3) Гадаад иргэний үнэмлэх

4) Эрүүл мэндийн даатгал

5) Онцгой байдалд хэрэглэх иэнээрээ
Цэвэр ус, будаа, 00ын цаас, доод тал нь 3-5 өдрийн хүнсээ бэлтгэж базаах хэрэгтэй юм билээ. Ялангуяа цэвэр усаа сайн базааж авах. (2011 онд цэвэр ус, будаа, 00ын цаас , салфетка, зэрэг нь хамгийн түрүүнд дуусаж байсан.)

6) Гар утасаа маш сайн цэнэглэж бэлтгэх
(2011оны 3 сард бүх утаснууд холбогдохгүй болж байсан. Япончууд алдаан дээрээ маш сайн суралцдаг тул дахин тэгж тасрахгүй байлгах талаас нь байнга ярьж байдаг тул өнөөдөр дэвшилт гарсан байх гэж бодож байна)

ГЭРТЭЭ БАЙЛГАЖ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ ЗҮЙЛС:

7) Гар чийдэн

8) Газан плитка,запас газ

9) Лаа (2011 онд лаа хүртэл дэлгүүрт байхгүй болж байсан.)

10) Эцэст нь:
00-д хэрэглэх зориулалтаар ваннд ус тосож авах

Бэлтгэл сайн байвал бас сэтгэл тайван, байдаг юм байна гэдгийг саяын хар салхины үеийн бэлтгэл хийсэн мэдрэмжээсээ маш сайн ойлгосон. 2011оны 3 сард бэлтгэлгүй, хэнэггүй царайлж байж хэцүү байдалд орж байсан. Хүн гэдэг амьтан маш амархан юманд дасдаг болохоор байнга дэлгүүрт байдаг хүнсийг байж л байх юм шиг санадаг юм билээ.Тэр үед бэлтгэлгүй байснаар 2,3 дэлгүүр хэсэж байж , 6 зүсэмтэй эсвэл 8 зүсэмтэй ганц уут талханд оочирлож зарим өдөр олдохгүй, худалдаж авч чадахгүй өнгөрч байсан. Энэ байдал бараг 2 долоо хоног үргэлжилж байсан. Бүх юм жигдэртэл нилээд хугацаа ордог юм билээ.

ХАР САЛХИ БОЛОН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХОД 

1) Хэрэв айж балмагдаад биеэ бариад, биеэ чангалж байвал юуны түрүүнд урт амьсгал авч, биеэ суллаарай, хажууд чинь хүн байвал яриа үүсгэн яриарай гэнэ. Гэртээ байгаа нь гэрээсээ битгий гараарай, хоргодох байранд байгаа нь сандарч биеэ бариад байвал хэн нэгэнтэй ярьж анхааралаа сарниулаарай гэж байна. (2019/10/12 ны NHK мэдээнээс)

2) Аль болох өндөр газар уруу хоргодох.
Хоргодох байр нь 2 оос дээш давхар байх. Хэрэв тийм байр байхгүй бол тухайн орон нутгийн аль болох өндөр газар уруу хоргодоорой гэж байна. Аль болох аюулгүй газар уруу гэнэ
(2019/10/12 ны NHK мэдээнээс)

3) Амь насанд аюултай гэж үздэг хамгийн аюултай үзүүлэлт нь 5 хэдий боловч онцгой байдал зарласан хойно хоргодох байр уруу явах нь хоцорч байгаа гэсэн үг. Хоргодох байр уруу явах нь аюултай бол уулын эсрэг орших 2 давхараас дээш байранд, цонхноос хол,тавилга багатай өрөөнд хоргодох хэрэгтэй гэнэ.
(2019/10/12 ны NHK мэдээнээс )

4) Хүчтэй газар хөдлөлтийн үед
( 2011/3/11 миний харж ойлгосноор )

Газар хөдлөлт бол хар салхитай адил урьдчилан мэдээлэл байхгүй гэнэт болдог.Байр нь хүчтэй савлаж байвал хурдан гадагш гарч байшин барилга багатай цэцэрлэгт хүрээлэнд, эсвэл гадаа гудамжинд модны хажууд доошоо сууж хоргодож байсан.
Гэртээ бол ширээн доогуур орох, 00 д орох зэрэг нь сайн хоргодох байр болдог гэсэн.
Газар хүчтэй хөдлөх үед юуны өмнө цунамины аюул байгаа эсэхийг лавлаж, мэдээ харж байх. Түүний дараа бэлтгэлээ маш хурдан базаах хэрэгтэй болдог.

Тэр жилийн газар хөдлөлтөөр би хоргодох байранд хонож байсан. Хамгийн аюул багатай тайван байдаг юм билээ. Ер нь ямар ч тохиолдолд хоргодох байр уруу явсан нь хамгийн амар, сэтгэл тайван, хоол ундтай юм билээ. Хэдий хоргодох байранд очих байсан ч дээр өгүүлсэн бэлтгэлийг сайн хийж байхыг санал болгож байна.

Хамгийн чухал нь онцгой байдлын үед хаашаа ч явсан паспорт, гадаад иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын картаа заавал биедээ авч явж дадах хэрэгтэй.


Бүх дүүрэг, бүс нутгийн бага сургуулийн биеийн тамирын заалыг хоргодох байр болгон анхнаасаа тооцоолон барьсан юм байна гэж ойлгож авсан.

МИНИЙ САНАА 

Энэ бүхнээс үндэслэн бодоод үзэхэд анхнаасаа байр түрээслэх үедээ болж өгвөл гол уснаас хол, уулын эсрэг талд, уулын өвөрт биш газар 2 давхараас дээш давхарт байр түрээслэж байх нь дээр мэт санагдаж байлаа.

Ажиглаад байхад газар хөдлөлт, хар салхи нь голдуу хавар намар ширүүн байдаг ба түүний дараа нь их хүйтэрч жиндээд байдаг тул Японд байх хугацаандаа эх орныхоо үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ноолууран цамцтай байх нь жиндэж даарахаас сайн хамгаалдаг юм билээ.

Байгалийн гамшиг гэдэг бол басаж болохгүй, бас ихээхэн хохирол учруулдаг аймшигт зүйл учир өөр өөрсдийн бэлтгэлээ сайн базаагаад, ямар зорилго өвөрлөж ирсэн түүнийгээ гүйцээдэг юм шүү.
Эргээд гэртээ харихад чинь эцэг, эхийн чинь духны үрчлээ нэмэгдэн, хүч чадал нь харьсан жижигхэн биетэй угтаж байж болох тул энэ биеэ өөрөө сайн хамгаалан ухаалаг, хатуужилтай, биеэ даасан, өөртөө итгэлтэй, бусдын төлөө сэтгэл зүтгэлтэй иргэд болон төлөвшиж улс орныхоо хөгжлийг 50 жилээр ч бол наашлуулан хөгжүүлээрэй гэж хүсэж байна. Тус болох эсэхийг мэдэхгүй ч гэсэн та бүхний талархалыг баярласан сэтгэлээр хүлээн авч бичлээ. Болгооно гэдэгт итгэж байна. Маш их баярлалаа дүү нар минь.

頑張ってください。

Та бүхнийг хүндэтгэн бичсэн

Анагаах ухааны Ph.D
Лхагвадоржийн Энхтуяа

2019 он 10 сарын 14 ны өдөр