Hurlee photo.jpg

Өнөөдөр та бүхэндээ анх Япон улсад хэлний курсэд ирээд,  Кюүшү Их Сургуульд мастерын цолоо амжилттай хамгаалсан төдийгүй Япон улсад хүнд үйлдвэрлэлийн салбартаа ТОП 3 корпорацын нэг болох Ай Эйч Ай ХХК-д (IHI Co., LTD) гүүрийн тооцоо, шийдлийн инженерээр ажиллахаар болсон Ганхүү овогтой Хүрэлбаатарыг танилцуульяа.

 Сайн уу? Хүрлээ, ойрдоо ажил ихтэй байна уу?

Сайн байна уу? Тийм ээ сургуулиа төгсөөд авсан бас нүүдэл суудал гээд их том ажлын ард гараад авлаа. Удахгүй ажилдаа орох гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Сэтгэлийн их амар амгаланг мэдрээд байж байна даа (инээв).  

Японд инженерийнхээ ажлын гарааг эхлэх гээд сэтгэл хир хөдөлж байна? IHI Co., LTD-ныхаа талаар бидэнд товчхон танилцуулж өгөхгүй юу?

 Орохыг хүсэж байсан компанидаа орж чадсан болохоор маш их баяртай байгаа. Манай компани бол 160 гаруй жилийн түүхтэй, 30,000 гаруй ажилтантай японы хүнд үйлдвэрлэлийн салбартаа ТОП 3 корпорацын нэг юм. Миний ажиллах салбар нь гүүрийн бүтэцийн инженерингийн салбар юм.

 Нэр хүндтэй, том компани байна. Энэ жил хэдэн залуус ажилд орохоор өрсөлдөөд хэд нь тэнцэв? Чиний зураг компаний цахим хуудсанд нь тавигдсан байсан, ямар учиртай тавигдсан бэ?

Миний сонсоноор жил бүр 2000 орчим залуус японы өнцөг булан бүрээс ажилд орох анкетаа ирүүлдэг гэсэн. Би өнгөрсөн жил тэр залуусын нэг байсан байх (инээв). Энэ жилийн хувьд 200 орчим залуусыг шалгаруулж авсан гэсэн.

Тийм ээ, компанийхаа вэб хуудсан дээр ярилцлага маань гарсан. Энэ жил ажилд орсон 200 орчим залуусаас 4 залууг сонгон авч, ирэх жил ажилд орохоор бэлдээд, яг одоо ажил хайлтаа хийж яваа дараа үеийн залууст танилцуулах зорилготой хийсэн ярилцлага юм. Япон компанид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй залуус байвал доорхи линкээс ярилцлагыг минь уншиарай.

https://www.ihi.co.jp/recruit/ihi/prospective/index.html

 Монголд гүүрийн тооцоотой холбоотой ажил хийж байсан уу? Гүүрийн талаар хаана суралцсан бэ?

 Би ШУТИС-ийг Иргэний ба Үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр сурч төгссөн. Сургуулиа төгсөөд ХААН Банкинд барилгын хяналтын инженерээр ажиллаж байгаад Магистр-т сурахаар япон орныг зорьсоон. Магистрын судалгааны ажлын чиглэл маань газар хөдлөлд тэсвэртэй бүтэцийн тооцоо юм. Харин судалгааны ажилдаа модель болгож авсан бүтэц маань гүүр юм. Барилга дээр ч мөн адил тооцоогоо хийгээд явах боломжтой. Үндсэндээ барилга байгууламжын тооцооны үндэс суурь нь адил гэсэн үг юм.

 Кюүшү Их Сургуульд улсын тэтгэлгээр сурсан уу? Яагаад Кюүшү Их Сургуулийг сонгосон бэ?

 Үгүй ээ, хувийн байгууллагын тэтгэлэгээр сурсан. Ер нь хувийн зардлаараа улсын их сургуульд сурч байгаа Магистр, Докторын ангийн оюутнуудад маш их хөнгөлөлт, боломж байдаг юм байна лээ. Жишээ нь: Би 2 жилийн турш бүх семестерийнхээ сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлүүлээд бас хажуугаар нь хувийн компаний тэтгэлэг хүртэл авч байсан.

 Зөвхөн Кюүшү Их Сургууль гэлтгүй Японы (Тоодай, Кёодай, Кюүдай гэх зэрэг) улсын их сургуулиуд бүгд адилхан сургалтын тогтолцоотой юм шиг санагдсан.

Миний хувьд сургууль сонгохдоо гурван үндсэн шалгуур тавьж байсан.

 Нэгдүгээрт, тэтгэлэг авах боломжтой эсэх. Хэлний сургуульд сурч байхдаа хувийн зардалаараа, тэр дундаа Токиод сурч байсан учир маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр шаардаж байсан.

 Хоёрдугаарт, өөрийнхөө сонирхож буй судалгааны ажлын чиглэлийнхээ дагуу японд ямар сургуулийн ямар профессор багш нар судалгаа хийж байгаа талаар судалсан. Мастерийн судалгааны ажил профессор багшийн хэрхэн яаж чиглүүлэхээс их хамаардаг болохоор энэ тал дээр нилээн анхаарал хандуулж цаг царцуулсан.

 Гуравдугаарт, сурах орчин маш их чухал санагддаг. Кюүшү Их Сургууль маань япондоо хамгийн том, хамгийн орчин үеийн, шинэлэг тохижилттой кампустай болохоор эргэлзээ байхгүй шууд л сонгосон доо.

 Японд хэлний сургуульд хувийн зардалаараа сурахаар анх ирж байсан юм байна. Япон хэлний сургуульд сурч байхдаа өөрийгөө хэрхэн зоригжуулж, цаашлан сурах сургуулиа хэрхэн хайж байсан бэ? Цагийн ажил хийгээд суралцаад амьдрана гэдэг бол амар зүйл биш. Хөгжилтэй түүх их байгаа даа. Бидэнтэй хуваалцахгүй юу.

 Хэлний бэлтгэлд ирэхдээ бусдын л адил Японд ирээд хэлээ сурчихна гэж боддог байсан. Гэтэл тухайн үед хэлний мэдлэг тааруу байсан болохоор ихэвчлэн хэлний мэдлэг шаардахгүй биеийн хүчний ажил их хийж байсан. Тэр үедээ япон хэлээ хурдан сайжруулж дараагын их сургуульдаа элсэн орохгүй бол цагийн ажилд ихэнх цагаа зарцуулаад байгаа нь үнэхээр хайран санагдаж байсан. Тиймээс их сургуулиа японд ирсэнийхээ дараа шууд л судалж эхэлсэн. Хэлний сургуульд сурч байхад ихэнх багш нар нь коллеж (専門学校)-г санал болгодог юм байна лээ. Босго багатай байдаг болохоор тэр байх. Миний хувьд японд их сургуульд сурах зорилготой ирсэн тул анхнаасаа тууштай байсан. Мастерынхаа үндсэн ангид орохоос өмнө судлаач оюутан гэсэн статустайгаар Кюүшү Их Сургуульд элсэж орж байсан. Судлаач оюутан нь элсэлтийн шалгалтын хувьд харьцангуй гайгүй, профессор багштайгаа холбоо тогтоогоод өөрийнхөө судалгааны ажлынхаа товч хураангуйг бичиж хураалгаад, ярилцлага өгсөнөөр багш өөрийн удирдлага доор судалгаа хийх зөвшөөрөл өгнө. Хэрэг болж магадгүй гэсэн үүднээс японд ямар профессор нь ямар судалгаа хийдэг талаар өөрийнхөө хэрэглэж байсан сайтыг бичлээ.  

www.researchmap.jp

 Хөгжилтэй түүх гэвэл зөндөө байгаа. Хэлний сургуульд сурч байхдаа унадаг дугуй их унадаг байсан. Нэг өдөр найзыгаа дугуйныхаа хойно сундалж яваад цагдаатай таараад зогсоолгож байсан удаатай. Ачааны зориулалттай юман дээр хүн сундалсан нь  аюултай гэж үзсэн болохоор тэр байх. Японд дагаж мөрдөх дүрэм журам ихтэй. Тухайн үедээ төвөгтэй санагддаг байсан ч одоо бодоход бүгд тэр дүрэм журмыг л дагаад өнөөгийн японы аюулгүй амар тайван сайхан орчинг үүсгэж байгаа юм байна даа гэж ухаарсан.

Хувийн зардлаар хэлний сургуульд дөнгөж ирж байгаа болон ирэх гэж буй залууст хандан ямар зөвлөлгөө өгөх бэ?

Японд ирэхээсээ өмнө япон хэлээ сайн сурч ирвэл асар их боломж хүлээж байгаа гэдгийг өөрийн туршлагаасаа хэлмээр байна. Монголдоо хямд зардалаар сайн суралцах боломж маш их байгаа бас онлайн сургалтууд их зүгээр санагдсаан. Японд ирээд эмнэлэг, цагдаа гээд бүх л үйлчилгээний байгуулагууд япон хэлгүй бол нэврэлцэхэд хэцүү байдаг юм байна лээ. Тиймээс хэлээ л сайн сурж ирээрэй гэж захимаар байна.

 Нууц биш бол өөрийнхөө баримталж явдаг зарчмуудаасаа хуваалцахгүй юу. Өглөө хэдэд босдог бэ? Хичээллэдэг спорттой юу? Хоол хийхдээ хир сайн бэ?

Бусдад өгсөн амлалтандаа эзэн нь байхыг хичээдэг дээ. Өөрийнхөө зорилгоо эргэн тойрны хүмүүс, найзууддаа хэлчих хэрэгтэй юм шиг байгаа юм. Мэдээж хэлчихсэн юм чинь тэр зүйлийнхээ ард нь гарах гээд хичээнэ шүү дээ. Тэгээд хичээж явахад нэг л мэдэхэд ард нь гарчихсан байдаг.

Миний хамгийн их бүтээлч сэргэг цаг маань ихэвчлэн орой байдаг. Тэр үедээ маргаашийн болон ирэх долоо хоногийн мөн сарын гээд чухал ажлуудаа төлөвлөж их суудагдаа. Өглөөдөө төлөвлөсөн ажилгүй бол тийм ч эрт босдоггүй ээ.

Сүүлийн үед гольфод маш их дурлаад байгаа. Цаашид тууштай хичээллэе гэж бодож байна.

Хоолны тухайд гэвэл багаасаа гэрсэг хүүхэд байсан тул гэрийн хоолонд их дуртай. Тийм ч учраас амралтын өдрөө цаг гаргаад гэртээ сайхан хоол хийх дуртай.

Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Амьдралд нь улам их амжилтыг хүсье! Кюүшүдээ ирж байгаарай. 

 Ярилцсан П.Туяа